Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар цахимаар хуралдав

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга  Б.Нургулан, Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай, ЗДТГ-ын Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира нар сумдын Засаг дарга, сумдын багийн Засаг дарга нартай өнөөдөр /2022.07.21/ цахим хурал хийлээ.

Хурлын эхэнд аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцож, зуншлагын байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа талаар сумын Засаг дарга нар мэдээлэл хийлээ.

Сумын удирдлагууд энэ жил  хур тунадас бага орж, өвс, ногооны гарц муу байгаа талаар дурдаж, Сагсай, Алтай, Булган, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур зэрэг сумууд Хилийн зурвас газраас хадлан бэлтгэх зөвшөөрөл олгох асуудлыг хөндөж, сумын хэмжээнд ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, ажиллаж байгаа тухайгаа товч танилцууллаа.

Дараагаар нь Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан “Энэ жил аймгийн нийт бэлчээрийн 70 орчим хувь нь гандуу байгаа тухай дурдаж, сумууд аюулгүйн аюулгүй нөөц бэлтгэхээс гадна, малчдыг өөрийн хэрэглээний хадлан тэжээлийг нөөцөлж бэлтгэх төдийгүй малыг ширвэж зах зээлд борлуулах хэрэгтэйг сумын Засаг дарга нар, багийн Засаг дарга нар малчдад ойлгохуулах, анхааруулах шаардлагатай хэмээн хурлын үеэр онцлов.

Харин аймгийн Засаг дарга Д.Бауыржан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр сумдын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгөв.

Тэрээр “Бид энэ өвлийг амжилттай даван гарахын тулд отор нүүдлийг маш зөв зохион байгуулах хэрэгтэй. Гантай болон гандуу байгаа сумууд аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг эртхэн бүрдүүлэх, Хилийн зурвас газраас хадлан бэлтгэх сумдын удирдлагууд Хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтохтой харилцан тохиролцож хадлангийн талбай ашиглах гэрээ хэлцлийг хийх ажлыг зохион байгуулах, отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргаж төлөвлөх”-ийг үүрэг болгож, уулын хадланд 7 дугаар сарын 25-наас, ойн хадланд 8 дугаар сарын 10-наас эхлэж хадланд орох харин намаржаанд 8 дугаар сарын 28-наас буухыг сумын Засаг дарга нартай зөвшилцөж хэлэлцэн баталлаа. Сумдын Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл хангахад дор бүртээ хариуцлагатай хандаж, сумдын малчдын тооцоо судалгааг гарах, өвлийг өнтэй давахын тулд сумууд хоорондын уялдаа холбоогоо  сайжруулахыг хүслээ.

Мөн тухайн сумдуудад улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн явцыг тодруулж, сумын удирдлагуудыг хяналт тавин ажиллахыг  анхаарууллаа.

Хурлын явцад ЗДТГ-ын дарга Б.Мухамед сумдын Засаг дарга нарт Төрийн албаны сул орон тооны захиалгыг хугацаандаа ирүүлэхийг анхаарч ажиллахыг, хагас жилийн тайланг хугацаандаа явуулахыг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг ирүүлэхийг, Тэрбум модны хүрээнд хийгдсэн ажлуудын танилцуулгыг   бэлдэж явуулахыг, төрийн албан хаагчид ээлжийн амралт авч буйтай холбогдуулан Тамгын газраа эзгүйдүүлэхгүй байх, орлох хүнийг томилох тухай анхаарууллаа.

Түүнчлэн Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай 9 дүгээр сарын 1-нээс эхлэн хичээл эхлэхтэй холбогдуулан сургуулиудын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах болон 2022 оны 8 сарын 20-нд монгол хэл, бичгийн шалгалт дахин авагдах болсныг мэдэгдэж,  Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нар ирэн 08 дугаар сарын 01-ээс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтад бэлдэх вакуумжуулсан сургалтыг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл өгч, сумын хүүхдүүдийг хамруулах тал дээр анхаарч, сургуулийн захирлуудад үүрэг даалгавар өгч ажиллахыг хүссэн юм.

You May Also Like