Сумын танилцуулга

УЛААНХУС СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Баян-Өлгий аймгийн Улаанхус сум нутагт анх Шеруши хошуун 1923 онд байгууллагдаж 1938 онд Улаанхус сум болж өөрчлөн байгуулагдсан. Монгол Улсын баруун хойд хэсэгт баруунаас зүүн тийш шулуунаар 150 км, урдаас хойшоо 170км сунаж 6047,93км2 талбайг эзлэн оршдог. Баруун талаараа БНХАУ-тай 27.47 км, хойд талаараа ОХУ-тай 186 км, болон баруун талаараа Цэнгэл сумтай 271 км, зүүн өмнөд талаараа Сагсай сумтай 176 км, зүүн хойд талаараа Ногооннуур сумтай 29.7 км, зүүн талд Бугат сумтай 48.5 км газраар хиллэнэ. Засаг захиргааны нэгжийн хувьд 11 багт хуваагддаг.

2021 оны байдлаар 1929 өрх 9173  хүн амтай. Хүн амын нягтралаар 1 км2 талбайд 1.4 хүн оногддог байна. Аймгийн төвөөс 45 км, Нийслэлээс 1755 км зайд байрладаг.

БАЙГАЛЬ, ГАЗАРЗҮЙН ОНЦЛОГ

Дунджаар далайн түвшинээс дээш 1700-2000м өндөрт өргөгдсөн байна. Хамгийн өндөр цэг нь Алтай Таван богдын  Хүйтэн оргил дт-дээш 4374м өндөрт оршдог хамгийн нам газар нь Ховд голын хөндий дээр д.т.д 1722 м байна. Таван богд, Баян, Хүрэн хайрхан, Хар уул, Өндөр хайрхан, Цэнгэл хайрхан зэрэг томоохон уулс, Ховд, Согоог, Ойгор, Хар ямаат Шар ямаат, Чулуут, Хотон зэрэг их, бага голууд, Билүү, Улиастайн рашаанууд, Хар нуур, Даян нуур , Есөн нуур зэрэг нуурууд тус сумын нутагт оршдог. Уул зүйн хувьд Алтайн уулархаг мужид хамрагдаг ба баруун хэсэгт 3000-4000м өндөр уулс орших бөгөөд  зүүн тийш намсаж дунджаар д.т-дээш 2000-2500м хүрдэг, ихэнхтэй мөнх цаст мөс бүхий уулс оршино. Эдгээр уулсын  шовх оройтой боловч зарим нь бөмбөгөр оройтой байна. Уулын хажуу нь эгц, хавтгай, ерөнхийдөө эртний тэгшрэлийн гадарга, геологийн хожуу үед өргөгдсөн байдалтай.

УУР АМЬСГАЛ

Сумын нутаг нь бүхэлдээ уулархаг бүсэд багтдаг. Өвөл, хаврын улирал үргэлжлэх хугацаа харьцангуй урт, зуны улиралд хур тунадас бага унадаг учраас ерөнхийдөө хуурай уур амьсгалтай, хавар, намар салхи шуурганы давтамж ойр ойрхон байдаг онцлогтой нутаг юмаа. Газарзүйн бүсийн хувьд Монгол Алтайн нуурууд оршдог учир агаарын уруудах урсгал зонхилж эсрэг циклон үүсэн тогтвортой байрладаг. Өвлийн улиралд эсрэг циклон тогтвортой байрласнаар цаг агаар тогтуун салхигүй болж, шөнөдөө ихээхэн хүйтэрдэг учир тус суманд жилд дунджаар 90-110 хоног хүйтэн хадгалагдаж байдаг. Харин дулааны улиралд их хэмжээгээр халж жил бүрийн 6-8-р сард халуун хадгалагддаг. Жилийн дундаж хамгийн хүйтэн нь - 22 0 С, хамгийн дулаан нь сарын дундаж 20°С байдаг. Үнэмлэхүй бага температур -37°С хүрч хүйтэрдэг. Жилд орох хур тунадасны хэмжээ дунджаар 33.1-87.4 мм байх бөгөөд дийлэнх нь 7,8,12-р сард ордог.Тус сумын нутагт цас харьцангуй бага орох бөгөөд өвлийн улиралд хүйтэн жиндүү байх хугацаа урт байдаг учраас цасан бүрхүүлтэй хоногийн тоо жилд дунджаар 70.4 хоног байна. Таван богд уул, Сийлхэмийн нуруу, Баян уул, Өндөр хайрхан, Цэнгэл хайрхан зэрэг өндөр уулс орчмоор хур тунадасны хэмжээ 300-250мм байхад, томоохон голын орчим сумын төв хэсгээр ерөнхийд 150мм ээс доош байна.

АМЬТНЫ ТАРХАЛТ

Улаанхус сумын нутагт нэн ховордсон болон ховордсон ан амьтнаар баялаг , элбэг тохиолдох махчин амьтдаас үнэг хярс, дорго, мануул мэрэгчдээс үлийн цагаан оготно, олби, орог саарал,  алаг даага, туулай зэргийг нэрлэж болно. Уул нутагт байнга оршин суудаг шувуудаас ёл, тас, цармын бүргэд, цагаан болон идлэг шонхор, алтайн хойлог, сар, шар шувуу, зэргийг нэрлэж болно. Хэвлээр явагчдаас могой, хонин гүрвэл, шавьж болон жижиг далавчтанаас голио, царцаа зөгий зэрэг байдаг. Тусгай хамгаалалттай газар болох Алтайн таван богд, Сийлхэмийн нурууны “А” бус Ойгор орчимд Алтайн аргаль хонь, янгир ямаа, халиун буга, цоохор ирвэс, хүрэн баавгай, мануул, саарал чоно, шар үнэг, хярс, алтайн тарвага элбэг.

НИЙГЭМ, СОЁЛ, СПОРТ

Улаанхус суманд нийт 1300 хүүхдийн хүчин чадалтай төрийн өмчийн 3 сургуульд 1700 гаруй хүүхэд суралцаж, 270 гаруй багш ажиллагчидтай, 350 хүүхдийн хүчин чадалтай 3 цэцэрлэгт 400 гаруй хүүхэд хүмүүжиж, 80 гаруй багш ажиллагчидтай хүүхэд залуусаа сурган хүмүүжүүлэх таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна. 1972 онд ашиглалтад орсон 240 суудалтай Соёлын төвийн барилга ашиглалтын хугацаа дуусаж, шинээр 300 хүний суудалтай барилга барьж байгаа бөгөөд үйл ажиллагааг Хүүхдийн ордонд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн төвийн барилга 2003 онд ашиглалтад орсон тоосгон хийцтэй, 2 давхар Инженерийн бие даасан зориулалтын барилгад ажиллаж байна. Эдгээр байгууллагууд дулаан халаалтын нэгдсэн сүлжээнд холбогдсон. Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Хөх-хөтөл 9-жилийн дунд сургууль, Ойгор 9-жилийн дунд сургууль, спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

ГЕОЛОГИЙН ТОГТОЦ

Манай сумын нутаг нь геологийн тогтцын хувьд нутгийн ихэнх хэсгээр уул хад хайрга, элсэнцэр, шавранцар, хурдас түгээмэл тархсан байдаг. Сийлхэмийн нуурын өмнөд захаар уулын бялхмал чулуулаг, У сайд гянтболд, Хүрэн хайрхан уул орчмоор эртний төрмөлийн гүний гаралтай чулуулаг элбэгтэй. Газрын хэвлийд судлагдаагүй металл ба металл бус арвин ашигт малтмалын нөөцтэй. Тухайлбал: Бор бургаст алт, Усайд хүдэр, мөнгөн ус, Билүүгийн аманд мөнгөн ус, хар тугалга, Улаан толгой, Хөндийн ууланд чулуун нүүрсний илэрцүүд ажиглагддаг ба цагаа , хужир, наанги шороо, гялтгануур, боржин чулуу, зос элбэг бий. Геологийн тогтцын хувьд авч үзвэл газар нутгийн ихэнх хэсэг буюу 70 орчим хувь нь Кембрийн эрины дунд болон дээд Ордовикийн эрины доод нэгтгэлгээнд хамаарч байна. Өөрөөр хэлбэл газар нутгийн өргөгдөх процесс Кембрийн эрины дунд болон дээд үе, Ордовик эрины доод үед хүчтэй явагдаж одоогийн геологийн тогтоцууд бий болсон гэсэн үг.

ХӨРС, УРГАМАЛШИЛ

Тус сумын нутаг хөрсний мужилтаар Төв Азийн Алтайн тойрогт хамрах бөгөөд нутгийн хойд хэсэгт уулын хээрийн бүдүүн ялзмагт хүрэн хөрснөөс ихэвчлэн бүрдэх боловч хар хүрэн, ойн саарал хөрс нэлээд тархсан байдаг бол баруун  болон баруун өмнөд хэсэгт уулын хар хүрэн хөрс, нугажуу хээрийн хар хүрэн хөрс, Нуга, намгийн ба нугын хөрс зонхилно. Сумын баруун болон томоохон голын хөндий орчмоор уулын хуурай хээрийн бүдүүн ялзмагт хөрс нэлээд тархсан байна. Улаанхус сумын нутаг бүхэлдээ уулархаг  бүсэд хамрагдах бөгөөд ургамлын газарзүйн ангиллаар Евразийн хээрийн муж  Алтайн уулын хээрийн хошуу,  Монгол-Алтайн хээрийн тойрогт хамаардаг .Ихэвчлэн хээрийн ургамал зонхилохоос гадна вансэмбэрүү, алтан хундага, зэрлэг сармис, уулын сонгино гэх мэт эмийн ургамал элбэг ургадаг. Баян уулын хавцлуудад бага хэмжээний хар мод, зарим голын ай саваар улиас, бургас хус, уулын болон цөллөг бэлчээрийн газарт зааг, харгана, бут зэрэг тарчиг модноос гадна чацаргана, нохойн хошуу, тошлой, үхрийн нүд, хад зэрэг жимсний төгөл элбэгтэй. Голын ай сав, чийглэг газруудад өлөн, зэгс, ерхөг, хурган чих, тарваган шийр, уулын хяр бэлээр хялгана, агь, ганга, бэд, таар өвс, шарилж шаваг, царван, ортууз, зэрэг ургамал элбэг юм. Мөн ой мод бага, зөвхөн Даян нуурын орчмоор тархсан байна.

ЛАНДШАФТ

Нутгийн хойд хэсгээр уулын нуга, өндөр уулын хурай хээрийн бага хэрчигдэлтэй ландшафт, уулсын доод биеэр Алтайн хуурай хээрийн бага хэрчигдэлтэй элэгдэл-эвдрэлийн ландшафт тархсан бол баруун хойд, баруун өмнөд хэсэгт өндөр уулын нугын тундрийн ландшафт тархсан байна. Харийн нутгийн зүүн хэсэгт өмнөдийн хуурай хээрийн ландшафт уулс хоорондын хөндий хотгоруудаар цөлийн ландшафт зонхилсон байна. Мөн дундаж өндөр уулсын хажууг дагаж ботуульт, ботууль-жижиг дэгнүүлт үетэн, алаг өвст хээртэй, биелэг өвс, ботууль, ерхөг, дааган сүүл зонхилж, шивээт хялгана, агь бүхий хээр ч тохиолдоно.

ЭДИЙН ЗАСАГ

Улаанхус сумын эдийн засгийн гол үндэс нь бэлчээрийн мал аж ахуйн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг үйлдвэрлэж байна. 2021 оны эцсийн байдлаар малын тоо 221105 толгойд хүрсэн ба үүнээс тэмээ 737, адуу 10098, үхэр 19269, хонь 109654, ямаа 81347 тоологдов. Алтайн Таван богд байгалийн цогцолборт газар, Цагаан салаагийн хадны сүг зураг, Даянгийн ой бүхий үзэсгэлэнтэй газруудыг түшиглэн аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Сүүлийн жилүүдэд мэдээллийн харилцааны технологийн салбарыг илүү хөгжүүлж байна. 2007 онд үүрэн телефоны Мобиком сүлжээ, 2010 онд Юнитель, Скайтел, Жи мобайлын зэрэг компаниуд үүрэн телефоны сүлжээгээ оруулсан. Хөххөтөл, Согоог, Даян багт Unitel, Mobicom, G mobile ын сүлжээ орж, төвөөс алслагдсан бүх ард иргэд G mobile  харилцаа холбоо ашиглаж байна. 2014 оноос сумын төв, болон Хөх хөтөл, Согоог багуудыг шилэн кабелийн шугамд холбогдсон.