ҮСХ: Сарын хэрэглээний зардал нь ₮184 мянгаас доош бол ЯДУУ ХҮН АМД тооцсон

Үндэсний статистикийн хорооноос Дэлхийн банкны техник туслалцаатайгаар ядуурлын үзүүлэлтийг  2002 оноос эхлэн зарлаж эхэлсэн. Энэ үзүүлэлтийг хоёр жил тутамд танилцуулдаг.

2018 онд ядуурал 28.4 хувьтай байсан. Харин 2020 оны байдлаар улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.8 хувь болжээ. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 0.6 хувиар буурсан түвшин юм.

  • Хот суурин газарт ядуурлын түвшин 26.5 хувь,
  • Хөдөө орон нутагт 30.5 хувьтай байна.

Ядуу гэх үзүүлэлтэд багтсан хүн амын 43.5 нь Улаанбаатарт, 20.4 хувь нь аймгийн төвд, 36.1 хувь нь сумын төв болон хөдөөд байгаа юм.

Монгол Улсын 3.3 сая иргэний 903.4 мянга нь ядуу байна. Тухайн хүний сарын хэрэглээний зардал 184 мянга 747 төгрөгөөс доош байсан нөхцөлд ядуу хүн амд тооцсон. Тэгэхээр 2020 оны ядуурлын шугам бол 184 мянга 747 төгрөг юм.

Цар тахлын улмаас өрхийн орлогын өөрчлөлт гараагүй байсан бол ядуурлын түвшин 24.3 хувь хүртэл буурах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл цар тахал ядуурлын түвшинг 3.5 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн.

Өрхийн орлогод эзлэх тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2018 онтой харьцуулахад 35 хувиар өссөн байна. Энэ нь өрхийн амьжиргааны түвшинг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлжээ хэмээн ҮСХ-ны дарга Б.Батдаваа танилцууллаа.

You May Also Like