Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог дуугаргаж дадлага, сургалт зохион байгуулж байгууллагуудын гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бэлэн байдлыг хангаж ажилладаг.
Уг дадлага, сургуулийн зорилго нь: Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг бүх нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх, удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах оршино.
Аймгийн хэмжээнд 13 сум, 1 тосгон, гамшгаас хамгаалах 13 алба, ерөнхий болон тусгай зориулалтын 37 мэргэжлийн анги, төрийн болон хувийн хэвшлийн 51 аж ахуйн нэгж, байгууллага энэхүү гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж байна.
Тус аймагт 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг бэлэн байдлыг шалгахаар энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР