Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний ногооны тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор стандартын шаардлага хангасан, зах зээлд худалдан борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоо (байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, хэмх, лооль, чинжүү, навчит ногоо)-ны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон.
Хүнсний ногоочдод урамшуулал олгох бэлтгэл ажлын нэг болох “Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн сан” цахим бүртгэл, хяналтын системд тариаланчид, ногоочдыг бүртгэж, цаашид хэрхэн ашиглах заавар зөвлөгөө өгөх сургалтыг өнөөдөр /2022.08.01/ ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтыг ХХААХҮЯ-ны ГТИБҮЗГ-ын шинжээч Н.Оюунсувд болон ХХААХҮЯ-ны БТГ-ын мэргэжил технологийн статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайхан нар явуулав.
Уг сургалтад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Х.Бахыт болон 13 сумын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, татварын байцаагчид, газрын даамал нар, Өлгий сумын газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд, Адра Монгол олон улсын байгууллагын мэргэжилтэн зэрэг нийт 60 гаруй хүн хамрагдлаа.
www.plant.mofa.gov.mn системийг ашиглан газар тариалангийн мэдээллийг цахим системд шилжүүлж байгаа юм.
www.plant.mofa.gov.mn системийг ашиглан улсын хэмжээний тариалалт, ургац хураалтын мэдээ, ургамал болон түүний гаралтай бүтээгдэхүүний тариалалт, арчилгаа, хураалт, тээвэрлэлт зэрэг сүлжээний хөдөлгөөн, эрүүл ахуйг хянах, ургамал хамгааллын бодисын импорт, худалдаа, хэрэглээг хянах боломжийг олгох юм байна.
Энэ систем нь тариаланч, тариалангийн талбай, тариалалт, ургац хураалтын мэдээ, авч хэрэгжүүлсэн агротехнологийн арга хэмжээ, талбайн түүх, ургамлын гарал үүслийн гэрчилгээ олголт, эрүүл, аюулгүй байдлын баталгаа, түүнд тавих мэргэжлийн хяналт гэсэн мэдээллийн иж бүрдлийг агуулжээ.
Тус системд тариаланч, ногоочид өөрийн эзэмшлийн талбайн мэдээлэл, тухайн талбайд хэрэгжүүлсэн технологийн арга хэмжээ, тариалалт болон ургацын мэдээллээ оруулах бөгөөд гарал үүслийн гэрчилгээ авах хүсэлтийг илгээснээр сумын Хөдөө аж ахуйн тасгаас гэрчилгээг цахимаар олгогдох юм байна.
Гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгодог болсноор тариаланчдын цаг хугацааг хэмнэх, ургамал болон түүний гаралтай бүтээгдэхүүний тариалалт, арчилгаа, хураалт, тээвэрлэлт зэрэг сүлжээний хөдөлгөөн, эрүүл ахуйг хянах, ул мөрийг мөшгөх, статистик тоон мэдээллийг боловсруулахад хялбар болох зэрэг олон чухал ач холбогдолтой юм.
Цахим гарал үүслийн гэрчилгээ нь QR кодтой байна. Хэрэглэгч QR кодыг уншуулснаар тухайн бүтээгдэхүүнийг хэн, хаана, хэрхэн үйлдвэрлэсэн мэдээллийг хялбар авах боломжтой болох аж.
Мөн энэ үеэр Засаг дарга Д.Бауыржан сургалтад хамрагдаж буй аймгийн хүнсний ногооны тариалан эрхэлж байгаа ногоочидтой уулзаж, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлд төрөөс болон аймгийн хэмжээнд баримталж буй бодлого, томоохон үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг гэдгийг онцлоод аймгийнхаа иргэдийг эрүүл хүнсээр хангаж буй тариаланчид, ногоочдод баярласан талархсанаа илэрхийлэв.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тариаланчдыг нэгдэж, салхины хамгаалалтын зориулалтаар тариалангийн талбайдаа мод тарихыг уриаллаа.
Түүнчлэн энэ үеэр тариаланчид, ногоочид тусгай хамгаалалтын газарт орсон тариалангийн талбайдаа газрын гэрчилгээ авч чадахгүй байгаа талаар дурдаж, Засаг даргын зүгээс шийдвэрлэх боломжтой эсэхийг тодруулсан юм.
Аймгийн хэмжээнд 519 тариалан эрхлэгчид бүртгэлтэй байгаагаас 475 тариалан эрхлэгчид цахим системд бүртгүүлсэн нь цахим системийн хамрагдалтын байдлаар 91 хувьтай буюу 21 аймгийг тэргүүлж байгаа юм. Энэ жил 110 га газарт жимс жимсгэнэ, 330 га газарт төмс, 780 га газарт малын тэжээл 154 га газарт хүнсний ногооны тариалалт хийгдсэн байна.