Улаанхус сумын танилцуулга

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 

Баян-Өлгий аймгийн Улаанхус сум нь 1928 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ-ын улстай, баруун талаараа Цэнгэл сумтай, баруун өмнө талаараа тус Сагсай сум болон БНХАУ, зүүн талаараа аймгийн Ногооннуур, Бугат сумтай тус тус хил залгадаг. Засаг захиргааны нэгжийн 8 багтай, 1556 өрхтэй, 7640 хүн амтайХүн амын тоогоор Баян-өлгий аймгийн 13 сумаас эхнээсээ 2 -д, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог, хүн амын нягтралаар хамгийн өндөр 79 хүн/га сум юм.

Монгол Улсын хамгийн өндөр цэг болох Алтайн Таван Богдын оргил энэ сумын нутагт оршдог бөгөөд далайн түвшингөөс дээш 4376 м өндөрт өргөгдсөн, томоохон 2 мөсөн голтой. Энэ нь Потанин, Алексейн мөсөн голууд юм. Уулын аялал жуулчлал, ард иргэдийн зан заншлыг сурталчилах, морин болон тэмээн аялал хийх, түүх соёлын дурсгалыг судлах, чиглэлээр жуулчлал илүү хөгжсөн онцлогтой. Байгалийн үзэсгэлэнт газрууд олон байхаас гадна ан амьтан, ургамлын зүйлийн бүрдлээр баялаг нутаг юм. Тухайлбал: Алтайн аргаль хонь, янгир ямаа, халиун буга, цоохор ирвэс, хүрэн баавгай, мануул, саарал чоно, шар үнэг, хярс, алтайн тарвага, шувуудаас: ёл, тас, цармын бүргэд, цагаан болон идлэг шонхор, алтайн хойлог, сар, шар шувуу, ургамлаас: вансэмбүрүү, алтан гагнуур, эмийн бамбай, алтайн сонгино, Хорхой өвс, хонин арц, хуурамч хонин арц зэрэг бий. Тус сумын нутагт Монголд төдийгүй дэлхийд хосгүй, Ойгорын эхэнд эртний сүг зураг хадны бичээс бий. Хадны сүг зураг нь 20 км талбайг эзэлж байгаа нь, эрдэмтэд болон жуулчдын анхаарал сонирхолыг татсаар байна. Алтайн Таван богд уул нь 2012 оны 8-р сарын 23-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 153 дугаар зарлигаар төрийн тахиалгат уул болсон.

You May Also Like